Н.Номингуа

Н.Номингуа: Магадгүй энэ замаар чи зорилгодоо хүрэхгүй байж болно, гэхдээ цаана нь хэдэн мянган зам байгаа учраас дахиад нөгөө талаас нь дайраад үзэх хэрэгтэй

Төгөлдөр хуур тоглох, дуулах, илтгэл тавих, аялах зэргээр Номингуагийн хүсэл сонирхол, хобби өргөн хүрээтэй. Тэрбээр тун саяхан Японд суралцах болсон баярт мэдээгээ “Шилдэг” сургуулийн багш удирдлагуудад дуулгасан бол энэ удаад хувийн туршлагаасаа үеийнхэнтэйгээ хуваалцаж байна.

Ямар сургуульд тэтгэлэгтэй суралцах болсон бэ?

Би Японы International их сургуульд тэтгэлэгтэй суралцахаар болсон. Энэ сургуулийн 50% нь дотоодын, 50% хувь нь гадаадын суралцагчид байдаг. Миний мөрөөдлийн сургууль гэж хэлж болно. Би 9 дүгээр ангиасаа сургуулиудаа судалж эхэлсэн. Тэр үед хамгийн анх харсан сургууль маань энэ. Ямар гоё сургууль вэ, орох юмсан гэж бодож явсаар хүсэл маань одоо биелчихсэн байна. Энэ сургууль англи, япон хоёр хэлтэй төгсгөдөг. Олон улсаас хүүхдүүд ирдэг болохоор олон орны соёл, заншилтай танилцана. Үүнээс гадна надад японы соёл, амьдралын хэв маяг, орчин их таалагддаг болохоор Японд сурахаар шийдсэн.

Гадаадын сургуульд тэнцэхэд шалгалтын оноонуудаас гадна юу давуу тал болсон бэ?

Сургуульд өргөдөл өгөхөд хэд хэдэн эсээ бичих шаардлагатай байсан. Хамгийн сүүлийнх нь хобби, давуу талын талаар байсан. Би төгөлдөр хуур тоглодог талаараа ингэж бичсэн. “Миний давуу тал бол төгөлдөр хуур тоглох. Яагаад гэвэл нэг ая гаргахын тулд олон цагийн тэвчээр, шаргуу хөдөлмөр шаарддаг. Төгөлдөр хуур надад төлөв даруу байдлыг зааж сургасан гэж боддог”. Энэ эсээ сургуульд тэнцэхэд багагүй нөлөөлсөн байх. Яагаад гэхээр япончууд урлагийн авьяастай хүмүүсийг өндрөөр үнэлдэг. Учир нь боловсрол сайтай хүмүүс гэж боддогтой холбоотой байх.

Ирээдүйд өөрийгөө хэрхэн төсөөлдөг вэ?

Багаасаа UNICEF, UNESCO ч юм уу хүүхэд, эсвэл тусламж хэрэгтэй хүмүүст хүрч ажилладаг олон улсын байгууллагад орж ажиллахыг мөрөөдөж ирсэн. Манай орны ядуурлын түвшин 30%-иас дээш байдаг. Үүнийг өөрчлөхийн тулд өөрөө дотор нь орж, хүн амын амьжиргааны түвшинг дээшлүүлж чадахаар хэмжээний эдийн засгийн мэдлэг боловсролтой болох ёстой гэж бодсоны үндсэн дээр менежментийн мэргэжлээр суралцахаар болсон.

Бэрхшээлийг хэрхэн даван туулдаг вэ?

Хүссэн сургуульдаа өргөдөл өгөөд тэнцээгүй гэдэг хариуг өмнө нь авч байсан. Ийм асуудал олон хүүхдэд тулгардаг. Тэр үед магадгүй энэ замаар зорилгодоо хүрэхгүй байж болно, гэхдээ цаана нь хэдэн мянган зам байгаа учраас дахиад нөгөө талаас нь дайраад үзье гэж бодсон. Ямар ч асуудал гарсан өөдрөг байхыг л боддог.

“Шилдэг” сургуулийнхаа юунд дуртай вэ? Сургуульд үлдсэн тод дурсамжуудаасаа хуваалцаач…

Сургуулийнхаа уур амьсгалд нь дуртай. Багш нар маань хүүхэд болгонтойгоо тулж ажилладаг. Намайг чадахгүй байх гэж эргэлзэх үед ангийн багш нар зоригжуулж, байнга дэмждэг байсан. Манай төгсөгчдийн талаас илүү хувь нь гадаадад сурч байгаа. Үүнд багш нарын маань гавьяа их бий. Манай ангийнхан “Шилдэг” сургууль байгуулагдсанаас хойшхи 3 дахийн үеийн төгсөлт гэж явдаг. Цөөн хүүхэдтэй байсан болохоор хоорондоо их дотно байсан. Тэмцээнд орох гээд сандраад зогсож байтал ангийнхан бөөнөөрөө дэмжих гээд ирчихсэн, тайзан дээр гартал зэрэг хашгиралдаад ичээж байсан түүх санаанд орчихлоо.

Хэл сурах арга барил

Хүн болгоны арга барил өөр. Миний хувьд юм сонсоод түүнийгээ дотроо төсөөлөн бодох дуртай. Жишээлбэл, би Япон болон Америкийн нэвтрүүлэг үздэг байсан. Япон хэл дээрх нэвтрүүлгээ англи хадмал орчуулгатайгаар үзээд хоёр хэлээ зэрэг сонсож сайжруулсан. Энэ нэвтрүүлгээр дэлхийн өнцөг булан бүрт амьдарч буй хүмүүсийн аливаа саад бэрхшээлийг хэрхэн даван гарсан тухай гардаг. Англи хэлээр өгүүллэг их сонсдог байсан. Бас подкаст сонсож, влог үздэг байсан. Унших шаардлага гарвал өөрийнхөө дуртай номыг барьж авдаг.

Хобби

Би шинэ зүйл турших маш дуртай. Дунд ангидаа урлагт дуртай мөртлөө ичимхий бүрэгдүү хүүхэд байсан. “Шилдэг” сургуульд ороод олон шинэ зүйл туршиж үзсэнээс илтгэлийн тэмцээнд оролцоод, анхныхаа оролдлогоор сургуульдаа II байр, нийслэлийнхээ шилдэг 20-д орсон. Манай ангийнхан хоорондоо их дотно тул тэмцээнд орох гээд сандраад зогсож байтал ангийнхан бөөнөөрөө дэмжих гээд ирчихсэн, тайзан дээр гартал зэрэг хашгиралдаад ичээж байсан түүх бий. Өөрийгөө турших тусам л нуугдмал авьяасууд ил гарч ирсэнээс гол хобби маань дуулах. Ойрын үед аялах дуртай болоод байгаа. Заавал хол гэлтгүй ганц хоёр хоногийн аялалд ч сонирхолтой.

Сайн дурын ажил

10 дугаар ангидаа “Шинэ монгол” клубын хүүхдүүдтэй асрамжийн газрын хүүхдүүдэд хичээл зааж байсан. Хүүхдүүдтэй Halloween ч тэмдэглээд цагийг сайхан өнгөрөөсөн. Эхэндээ хүүхдүүд биднээс эмээдэг байснаа дасаад ирэхээрээ “аниа, аниа” гэж гүйгээд их хөөрхөн санагддаг байсан.

Мэдээлэл
Дэлгэрэнгүй
Холбоо барих
  • Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж “Шилдэг” сургууль
  • (976) 7000 9400
  • info@shildeg.edu.mn