Үүсгэн байгуулагчийн мэндчилгээ

Миний бие 1999 оноос эхлэн АНУ-ын Төрийн департмент, Олон улсын солилцооны болон тэтгэлгээр сургах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг Монгол улсын томоохон агентлаг болох Монголын боловсрол, залуучууд солилцооны үндэсний ассоциаци /ЭДЭКС/ болон “АААА” буюу Америкт амралтаараа аялаж, ажиллацгаая хөтөлбөрийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ажиллаж ирсэн билээ.

Энэхүү баялаг туршлага минь надад АНУ болон бусад тэргүүлэгч улсуудын сургууль, эрдмийн байгууллагуудтай нягт хамтран ажиллах боломжийг олгож, улмаар өнгөрсөн хугацаанд 3000 орчим сурагч, оюутан залуусыг гадаадад сургах, туршлага солилцоход нь гүүр болсон.

2010 онд АНУ-ын Нью – Йорк хотын гаднахан орших Америкийн Еврей нарын хүүхдийн зусланд өөрийн оюутнуудыг дадлага хийх үеэр очиж, үйл ажиллагаатай нь танилцаж байхдаа аливаа улс үндэстэн өөрсдийн хүүхдийг хэрхэн зорилттойгоор, тусгайлан, өндөр мэргэжилтнүүдэд даалган, гүнзгийрүүлэн сургадгийг харж гайхан бас атаархаж явлаа. Энэ явдал миний хувьд эргэлт болж, ирээдүйн манлайлагч, олон улсын хэмжээний Монгол бахархал болох сурагчдыг системтэйгээр бэлдэхүйн чухлыг ойлгосноор АНУ дахь багш, эрдэмтдийн хамтаар “Шилдэг” хэмээх том зорилготой ч, энгийн төлбөртэй ерөнхий боловсролын сургуулийг нээх санаачлага эхэлсэн юм. Ийнхүү их гүрнүүд болон боловсролын салбарт манлайлагч улсуудаас туршлага судлан, орчин үеийн бүхий л шалгарсан хөтөлбөрүүдийг Монгол хүний онцлогт тохируулан сургах шинэлэг сургуулиа 2014 оны 9 дүгээр сарын 1-нд нээсэн.

АНУ-ын тэргүүлэгч сургуулиудын стандарт дээр үндэслэн байгуулагдсан манай сургуулийн сурагчид бага ангиасаа хувийн санхүү төсвийн мэдлэг олж авч, дунд ангиасаа мэдээллийн технологийн хөгжлөөс гүнзгийрүүлэн судалаж, алгоритм ойлгодог, бүтээлч сэтгэлгээтэй, код бичих дадлагатай болохын зэрэгцээ англи хэлний гүнзгийрүүлсэн мэдлэгийг орчинд нь суралцах боломжтой бөгөөд ахлах ангидаа эдийн засгийн онол үзэж, сонгох мэргэжлийн чиглэлээр АР хэмээх АНУ-ын их сургуулийн хичээлүүдийг монголдоо судлаж, кредит цагаа тооцуулан, АНУ-д суралцах бэлтгэлээ хангахаас гадна суралцаж байх хугацаандаа TOEFL, SAT, IELTS-ийн өндөр оноог төвөггүй авах боломжтой. Үүний зэрэгцээ бид манлайлагч сурагчдыг илрүүлж, тэднийг зөвлөн чиглүүлэгч /Ментор/ Их дээд сургуулийн багш, өндөр мэргэшсэн эксперт нартай холбож өгч байна.

Бид шинэхэн сургууль ч “Шилдэг”-үүдийг бэлдэх их үйлс, чадварлаг сэхээтэн багш нарын зүтгэл, эцэг эхчүүдийн их итгэл, ирээдүйн “Шилдэг”-т тэмүүлсэн сурагчдынхаа тэмүүллээр жигүүрлэн улсын хэмжээний тэргүүний сургуулийн нэг болон хөгжиж байна.

Цаашид эрдэмтэн багш нарын шилдэг баг бүрдүүлж, сурагчдынхаа өнөөдрийг хүртэл үзүүлсэн амжилтыг улирал бүр ахиулан, гадаадад суралцах сурагчдын тоогоо нэмэгдүүлж, сурагч бүртэй тулж ажиллан, шавь төвтэй сургалтыг бүрэн хэрэгжүүлэх болно.

Та бүхний итгэлд талархсан,
Үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
М.Туяа