Гүйцэтгэх захирлын ярилцлага

БОЛОВСРОЛЫН САЛБАРТ ОУ-ЫН СТАНДАРТ ЯРИХ ЦАГ БОЛСОН

Та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй  юу?

Ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн гүйцэтгэх захирал П.Энхбаяр байна. Би Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх зэрэгтэй математикийн багш мэргэжилтэй. Боловсролын байгууллагад 19 дэх жилдээ ажиллаж байна.

Танай сургууль Ерөнхий боловсролын сургуулиудаас хамгийн анх ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ талаарх туршлагаа манай уншигчидтай хуваалцана уу?

Манай сургууль 2014 оноос эхлэн тасралтгүй, тогтвортой, чанартай үйл ажиллагаа явуулж байгаагийн илрэл болсон ололт амжилтууд олон байна. Төгсөгчид маань Стэнфорд, Харвард зэрэг Олон улсын топ их сургуулиудад элсэн орж байгаа нь үүнийг илэрхийлэх нэг тод жишээ юм. Бид бүхэн эдгээр амжилтуудаа бататгахын зэрэгцээ цаашид үйл ажиллагаагаа тогтвортой хөгжүүлж, Олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц чанартай боловсрол олгохыг эрхэмлэн ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог сургуулийн үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр 2020 оны 12-р сараас World Standart Consulting-ийн зөвлөх үйлчилгээний багтай хамтран ажилласан. Ийнхүү сургуулийн нийт хамт олны хичээл зүтгэлээр 2021.11.11 боловсролын салбартаа анхны Олон улсын ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч сургууль болоод байна.

ISO 9001 Олон улсын стандартыг нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагаа эмх цэгц, дэс дараатай, ил тод болж, “Зорилго, төлөвлөлт, хяналт”-ын гурвалжин нэгдсэн нэг системд шилжиж байна.

Сургуулийн үйл ажиллагаандаа ISO стандарт нэвтрүүлснээр гарч буй дэвшил юу байна?

Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог сургуульдаа нэвтрүүлснээр сургалтын үйл ажиллагаа бүхэлдээ эмх цэгцэд орж, багш ажилчдын сэтгэл ханамж, бүтээмж нэмэгдэн сурагч нэг бүртэй тулж ажиллах боломж улам өргөн болсон. Үр дүнд нь сургууль, хамт олны эв нэгдэл, ажлын бүтээмжид эерэг хандлагууд нэмэгдэж, Азийн шилдэг 100 сургуульд багтана гэсэн зорилгодоо бид алхам алхмаар ойртсоор байна.

Танайхыг АмерикМонголын хамтарсан сургууль гэх юм. Энэ нь танай үйл ажиллагааны онцлогтой хамааралтай нэршил үү?

Манай сургууль Америкийн боловсролыг Монголдоо эзэмших боломжийг бүрдүүлэх зорилготойгоор үүсгэн байгуулагдсан. Сурагчдадаа Америк орны ёс уламжлал, нийгмийн харилцаа, соёлыг таниулж цаашлаад сурч, амьдрах боломжийг нь бүрдүүлж өгдөг. K12 хөтөлбөр, Сурагч солилцоо гэх мэт төрөл бүрийн хөтөлбөрүүдээр дамжуулан сурагчдынхаа Америкт суралцах боломжийг нэмэгдүүлсээр байна.

K12 хөтөлбөр Монгол хүүхдүүдийн онцлогт тохирдог уу? Энэ хөтөлбөрөөр багаасаа суралцсан хүүхдүүдэд ямар эерэг өөрчлөлтүүд бий болдог вэ?

Бид Монголын боловсролын цөм хөтөлбөр, Америкийн К12 хөтөлбөрүүдийг хослуулан хэрэгжүүлдэг. Монгол хүүхдүүдэд биеэ даах, өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадварууд дутмаг байгаа нь ажиглагддаг. Тиймээс энэхүү хөтөлбөрөөр дамжуулан хүүхдэд өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх чадвар суулган, сайн сурч чадна гэсэн итгэл үнэмшлийг өгч, өөрийн нөөц боломжийг дайчлан хөгжүүлэх, оролцоогоо нэмэгдүүлэх боломжуудыг олгодог юм.

Хүүхдээ Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд гадны шилдэг их дээд сургуулиудад ороход нь хэрхэн бэлтгэх ёстой вэ? танай сургууль энэ тал дээр яаж анхаардаг вэ?

Сургуулийн зүгээс чанартай сайн боловсролыг өгөх, зөв төлөвшилтэй, Монголдоо хайртай, дэлхийн сайн иргэн бэлтгэхийн төлөө анхаарч ажилладаг. Энэ зорилгынхоо төлөө бага, дунд, ахлах ангийн хөтөлбөрүүдээ улам чанаржуулах, илүү зөв үлгэр дууриалалтай орчныг бий болгохоор ажиллаж байна. Мэдээж хүүхдэдээ сайн боловсрол эзэмшүүлэхэд эцэг, эхийн үүрэг оролцоо асар их. Бага ангид нь хүүхдэдээ анхаарал сайн тавьдаг ч, дийлэнх эцэг, эхчүүд дунд ангид ороод ирэхээр нь анхаарлаа сулруулах хандлага ажиглагддаг.

Гадаад дотоодын шилдэг их, дээд сургуулиудад хүүхдээ суралцуулахыг зорьж байгаа бол гэр бүлийн зүгээс хүүхдээ ойлгож дэмжин, тасралтгүй хамтарч ажиллах нь чухал. Харин суралцагчдадаа бидний санал болгодог гол зүйл бол зөвлөх үйлчилгээ. Зөвлөх үйлчилгээг дунд ангиас үзүүлдэг. Харин 10-р ангид орсон жилээс эхлэн сурагч болон эцэг, эхтэй нягт хамтран ажиллах замаар элсэлтэнд нь бэлтгэдэг. Энэ үед сурагчдын өгөх шалгалтын бэлтгэл, сонгон судлах хичээлүүд гээд бүх зүйл илүү тодорхой төлөвлөгөөтэй болж эхэлдэг. Зөвлөх үйлчилгээг амжилттай хэрэгжүүлэхэд сурагч, эцэг эх, анги удирдсан багш, нийт багшлах боловсон хүчин бүгд маш сайн хамтарч ажиллахад анхаарч байна.

Шилдэг сургуулийн хэрэгжүүлж байгаа AP болон IB хөтөлбөрийн талаар мэдээлэл хүргээч?

Манай сургуулийн хувьд ирээдүйд Олон улсын сургууль болох алсын хараатайгаар ажиллаж байна. Энэ зорилгынхоо хүрээнд Олон улсын хөтөлбөрүүдийг бага, дунд, ахлах ангиудад албан ёсоор нэвтрүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлсээр байна. Мэдээж эхний сайн мэдээ, сайн үр дүнгүүд гарч байгаа. Одоогоор ахлах ангийн хөтөлбөр AP хөтөлбөрийг амжилттай нэвтрүүлээд 3 хичээлийн жил болжээ. Тус хөтөлбөр нь сурагчдыг 12-р ангидаа орох үед нь хэдийн өрсөлдөх чадвар өндөртэй элсэгч болгон бэлтгэсэн байх давуу талтай юм. Дэлгэрүүлж хэлбэл, AP хөтөлбөр нь ахлах ангид суралцах үедээ их, дээд сургуулийн агуулгад нийцсэн хичээлийг судалж, шалгалт өгч өөрийгөө сорих, мөн олж авсан мэдлэгийг нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх кредит оноогоор баталгаажуулах зэрэг боломжуудтай хөтөлбөр юм.

IB хөтөлбөрийг бол бид дунд ангиудад нэг хичээлийн жил албан ёсоор, амжилттай хэрэгжүүлээд байна. Манай сургуулийн хувьд IB хөтөлбөрийн онцлог бүрийг тусгасан сургалтын төлөвлөгөө, алсын хараа, хэтийн зорилгоо тодорхойлж, сургалтын хөтөлбөрийн агуулгыг IB стандартын дагуу баяжуулж, багшлах боловсон хүчнээ чадавхижуулан сурагчдад шинэ зууны шинэ агуулга, шинэ стандартад нийцсэн орчин үеийн 3D хэмжээст (академик мэдлэг, дадлага, туршлага, аливааг шийдвэрлэх ур чадвар, хандлага төлөвшүүлэх) мэдлэг эзэмшүүлж байна.

Танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье!

Эх сурвалж: Gogo.mn

Холбоо барих
  • Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Цэнд гүний гудамж “Шилдэг” сургууль
  • (976) 7000 9400
  • info@shildeg.edu.mn